ДӨЧИН ТҮМЭН МОНГОЛ УЛС
1368 онд Тогоонтөмөр хаан, өвгө дээдсийнхээ байгуулсан суугуул нийслэл Дайду хотоос зугатан гарч, монгол нутагтаа ирснээр Монгол Улсын нэгэн үеийн түүх шинээр эхлэв. Тогоонтөмөр хааны ахмад хүү Аюушридар 1270 онд Хархүрэм хотноо нийслэлэн сууж, Төв Азиин элгэнд язгуур монголын төрт улс уг хэвээр оршин тогтнож эхэлжээ.Монгол Улс нь Хүн, Сүмбэ, Нирун байтугай Чингис хааны Их Монгол улсаас нэг онцлог ялгаатай байсан нь өрнө, умар талдаа монголын Алтан урагын хаадын эзэгнэл нутгаар хиллэж байсанд оршино. Өмнүүрээ их цагаан хэрэм, зүүн биедээ усны гурван зүрчид буюу манж нартай хиллэж, зүүн өмнөд тал нь Ляо-дунгийн хойг хүрч, Бахай тэнгисээр далайд тулж байв. 1380-1410 -аад оны хооронд Мин улсын цэрэг Монгол улсыг удаа дараа довтолж, дээрэмдэн цөлмөжээ. Бэлчээрий нь шатаахын зэрэгцээ, Мингийн засгийн газраас монголчуудыг өөр хороондоо эвдрэлцүүлж хямралдуулах бодлогоо идэвхтэй явуулж байсан ХI/-Х/ зуунд Монголын улс төр туйлын ээдрээтэй байв. 1450-иад онд ойрдын Эсэн тайш бүх монголоо нэгэн удаа нэгтгэж өөрөө хаан ширээнд суусан боловч, Алтан урагын ноёдын эсэргүүцэлтэй тулгарч 1455 онд алагдсанаар Монгол улс дахин задарч, хүчирхэгжсэн жижиг ноёдын эзэмшилд хуваагджээ.1470-аад оноос Батмөнх Даян хаан монгол аймгуудаа нэгтгэж XVI зууны эх гэхэд хүчирхэг нэгдсэн төрөө тогтоож чаджээ. Энэхүү нэгдэл нь 1630-аад он хүртэл тогтвортой байснаар Монгол улсын соёл, здийн засаг эрчимтэй хөгжжээ. Гэтэл дорно зүгт манж нар хүчирхэгжиж, хөрш монгол аймгуудтай ураг барилдах замаар өөртөө татан дагуулж эхэлсэн нь монголын тусгаар тогтнолд аюул занал учруулав. Монгол улсын Алтан урагын сүүлчийн хаан Лигдэн энэ аюулыг ухаарч сөрөн тэмцсэн боловч Хасарын угсааны болон бусад ноёдын дэмжлэгийг авч чадалгүй 1634 онд тэнгэрт халив. 1630-1691 оны хооронд Өмнөд Монгол ба Халхын засаг ноёд удаа дараа Манжид даган орж холбоотой болж 1691 он гэхэд Ойрдын холбооноос бусад Монгол ханлиг, ванлигууд бүгд Манж Чин улсад даган орж холбоотон болжээ. Аюушридараас Лигдэн хутагт хаан хүртэл 21 хаан үе залгамжилж, 390 гаруй жил Дөчин түмэн Монгол Улс оршин тогтножээ.«ДӨЧин тҮмэн (Арван) Монгол улс»(1370-1635 он)Билигт хаанаас Лигдэн хаан хүртэлх 21 хаадын (бага) үе«Дөчин түмэн Монгол» гэдэг нь Толуй эзний үеэс түүх сударт энэ нэрээр хамаарч явсан билээ. Лигдэн хаан Манжийн хаантай харилцсан захидлын үгнээс үүдэж Зургаан түмнээ авч гарсан мэтээр үзэх нь буруу ойлголт юм. Учир нь 1491 онд Батмөнх даян сэцэн хаан засаг захиргаандаа зарим өөрчлөлт оруулж, Зүүн гурван түмэн, Баруун гурван түмэн болгож, Баруун Монголд дөрвөн Ойрадын хант улс тогтсоноор «Арван түмэн» гэж нэрлэдэг болжээ. Чингэхдээ «Дөчин түмэн» гэх нь зүйтэй бөгөөд энэ үеийг «Феодалын бутарлын үеийн Монгол», «Ар Юан улс», «Хойд Юан», «Давааны арын орон», «Умардын төр»... гэх мэтээр нэрлэж ирсэн нь оновчгүй болно. 1. Зүүн гурван түмэн - А) Ар Халхын арван хоёр отог хүрээ (Жалайр, Бэсүд, Элжигин, Горлос, Хөхүйд, Хатагин, Урианхай - үндсэн долоон отог), Б) Өвөр Халхын таван отог - хүрээ, Жарууд, Баарин, Хонгирад, Баяуд, Үжээд.2. Чахар найман отог хүрээ3. Урианхай нэг отог хүрээ 4. Баруун гурван түмэн - А)Түмэд, Юншээбуу, Асуд, Харчин отог хүрээ тав байгаад дараа нь долоо болж, сүүлдээ арван хоёр отог, Б)Ордос үндсэн долоон отог (12 ба 24 отог), В)Хорчин - 7 (сүүлдээ 13 отог)5. Дөрвөн түмэн Ойрад - Цорос, Дөрвөд, Хошууд, Торгууд Хойд - дөрвөн отог хүрээ (Бага түмэн).Отог нь - гал голомт, гэр (утаа) гэсэн утгатай. Урьдын дотоод, гадаад мянгатын оронд нэрлэх болсон бөгөөд Юан улс мөхсөний дараа түүхэнд орж ирсэн засаг захиргааны нэгж юм. «Түмэн» гэж нэрлэх болсноор отог нь засаг захиргааны жижиг нэгж болжээ.Ерөнхийдөө «Дөчин түмэн» Монгол «Дөрвөн түмэн» Ойрад гэдэг нь Аглагын арван хоёр (13) хүрээ отог Халх, Дөрвөн Ойрад, Өмнөд Монголын хорин отог, Чахар, Урианхай ороод 28, бүгд дөч (44) болж байсан бололтой. Энэ байдлаар явсаар Манжийн үетэй золгожээ. Өмнөд Монголын 22 (20+2) (24) аймаг нь Хорчин-Ар Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Харчин, Түмэд (Зүүн), Аухан, Найман, Үзэмчин, Баарин, Жарууд, Оннигууд, Хуучид, Хишигтэн, Авга-Авга нар, Дөрвөн хүүхэд, Сүнүд, Муу Мянган, Урад, Халх баруун гар, Халх зүүн гар, Ордос болно.
Манж Чин улсын үеийн Монгол
Өртөө1. Бээжингээс Улиастай хүртэл 72 суурь өртөөний эхний наймыг Хятадууд, дараагийн найман суурийг Чахарууд, дараагийн гучин зургаан өртөөг Харчингууд (Харчин, Зүүн, Баруун Түмэд, Дөрвөн хүүхэд, Сүнүдээс бүрдэж байв), үлдсэн 20-ийг Халх залгуулж байв. Харчин өртөөний суурь дутамд долоон өрх, улааны морь, тэмээ ер, Шүүс-ний хонь тавь, гэр майхан нэжгээдийг Халхаас дайчлан гаргуулж байв. 2. Улиастайгаас Ховд орох арван дөрвөн өртөөг «Ховд замын өртөө» гэдэг.3. Ховдоос Гүйчэн хүрэх арван хоёр өртөөг «Гүйчэн арван хоёр суурь» гэдэг. Энэ өртөөний эхний наймыг Захчин залгуулна. Гүйчэнгээс Үрүмчи, Мөст, Тарвагатай, Хар шар, Куча, Агсу, Кашгарт хүртэл уг өртөө залгадаг байжээ.4. Улиастай-Жинжлэг ес, Сайр ус-Их хүрээ арван дөрөв, Их хүрээ-Хиагтын арван нэг, Их хүрээ-Улиастайн гуч, Ховд-Согог (Сохог) усны найм, Ховд-Алтайн захын найм, Гүйчэн-Бар хөлийн хоёр, Бар хөл-Илийн гучин долоо, Гүйчэн-Или - хорин найм, Ховд-Тарвагатайн хорин тав, Тарвагтай-Хар усны долоо, Харчин өртөөний Зэс Хонгор сууриас салж, Хөх Хот хүрэх тав, Жанчхүү-Баянсүм долоо зэргийг холбосон орон нутгийн өртөөд байв.
Энэхүү өртөө нь дунджаар 25-30 км-т суурь байдаг юм. Нэг суурьт 5-30 өрх алба хаадаг байв. Улсын чанартай өртөөний 5-10 суурьт нэг захирал харьяалдаг. Ар Монголд 120 суурь өртөөнд 1250 өрх, захирагч түшмэл жар, үйлчлэгч хөтөч хорин хүн байнга байдаг ба нийт өртөө жилд 640.000 лан мөнгөний зардал гаргаж байсан, нэг өртөөнд 5330 лан мөнгө оногдож байжээ. Улиастайд өртөөд нь «Цоохор өртөө», «Түмт өртөө» гэж өөр өөр байв. Өртөөний алба зардал чирэгдэл ихтэй болоод жилд нэг өрх дунджаар таван зуу гаруй лангийн сүйтгэлтэй байжээ.
Харуул нь тухайн үед бие, хөрөнгө хавсарсан албаны нэр байв. Манж улс, Орос улсын хооронд 1727 онд байгуулсан Буурын гэрээгээр тэр үеийн Монголчуудын нутгийн Орос улстай зах нийлсэн хил хязгаарыг нарийвчлан тогтоож, хилийн овоо тэмдэгт босгосон байна. Чингээд 1727-1765 оны хооронд зүүн зүгт Манжуурын захаас баруун зүгт Алтайн уулаар дайран Тарвагатай, Шинэ хязгаар хүртэл цувраа олон харуулуудыг байгуулж, Монголчуудыг мал хөрөнгийн хамт дайчлан аваачиж, тэрхүү харуулыг суулгадаг болсон. Тэр үед Монголчуудын нутгийн хойгуур тавиад байсан уг харуулуудыг дотор нь суман харуул, гэр харуул хэмээн ялгадаг байв. Суман харуул гэдэг нь дан биеэр, эр цэргийн ёсоор дайчлагдан очоод, нэг жилийн хугацаатайгаар харуулд суухыг хэлдэг. Харин харуулын албанд дайчлагдагсад гэр, мал хөрөнгийн хамт нүүдэллэн очиж, хугацаагүйгээр харуулд суухыг гэр харуул гэдэг байжээ.Тэр үед Халхын баруун хойнох Жинжлэгээс баруун тийш Илийг давж Оросын хилийг шувтартал бүгд тавин суурь суман харуул тавьж, Чин улсын баруун хойд хил хязгаарыг сэргийлүүлж байжээ. Эл тавин суурь харуулын албын нутагт Оростой хил залгасан Монголчууд алба залгуулж байв. Үүнд: Жинжлэгээс Хонь майлах хүртэл хорин гурван суурь харуулд Ар Монголчууд, Хонь майлахаас Или хүртэлх хорин долоон суурь суман харуулын эхний арван есөн харуулд нь Тарвагатайн жанжны харъяат Өөлд, Торгууд, Урианхай нар, цааших найман суурь харуулд нь Илийн харъяат Өөлд, Торгууд нар ээлжлэн сууж байжээ. Дээрх тавин суурь суман харуулын Ар Монголын нутагт байсан хорин гурван суурьт нь чухам ямар хүн, хүч, хөрөнгө зарцуулж байсныг зарим баримтаар үзье.Дээрх хорин гурван сумын харуулын албанд Халхын Түшээт хан, Засагт хан, Сайн ноён гурван аймгаас цэрэг, хөтөл 587, тайж хорин гурав, тэднийг товчлон захирах туслагч түшмэл зургаа, бүгд 620 гаруй хүн жил, жилээр ээлжлэн сууж, хил хардаг байжээ. Тэр үеийн ханшаар бол жилд, нэг цэрэг 40 лан, захирагч түшмэл, тайж нар тус бүр 50 лан, хөтөл бүр 10 лан мөнгөтэй тэнцэх зардал хэрэглэж байсан аж. Энэ нь гурван аймгаас Алтайн хорин гурван суурь суман харуулд зориулан жилд 36600 гаруй лан мөнгөтэй дүйх хэмжээний зардал нийлүүлж байсан гэсэн үг. Тэгэхээр Хонь майлахаас Или хүртэлх хорин долоон суурь суман харуулын зардал дээрхээс багагүй байсан нь мэдээж юм. Баруун этгээд Жинжлэгээс зүүн этгээд Манжуурын зах хүртэл Монгол-Оросын хил дагуу тавьсан тавин есөн суурь гэр харуул байв. Манж нар энэхүү гэр харуулын тавин есөн сууриас дөчин долоон суурийнх нь албыг хаалгахаар Халхын Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан, Сайн ноён дөрвөн аймгаас 980 орчим өрх айлыг дайчлан гэр, хөрөнгийн хамт нүүлгэн аваачаад суулгаж байжээ. Мөн дээрх гэр харуулын албанд суугсдыг захирах арван дөрвөн туслах түшмэл, тэдэнд үйлчлэх арван дөрвөн хөтчийг гурван жилээр ээлжлэн уг дөрвөн аймгаас гаргаж байжээ. XIX зууны эцэс үед тэдгээр гэр харуулын нэг жилийн зардал нь тэр үеийн ханшаар 150000 лан мөнгөтэй дүйж байжээ. МАНЖ ЧИН УЛСЫН ҮЕИЙН МОНГОЛ НОЁДЫН ЗЭРЭГ ДЭВ1691 онд Долнуурын чуулганаар Энх-Амгалан хаан халх монголын 35 ноёнд цол хэргэм шагнаж 34-ыг нь хошууны засаг ноён болгоход монголын ханаас гадна хошой чин ван 3, төрийн жүн ван 6, төрийн бэйл 3, хошууны бэйс 4, засаг 1, түшээ гүн 1, туслагч гүн 6, тэргүүн зэрэг тайж 6-г шагнажээ. Манжийн төрд мөнгө ба морь, тэмээ тусалсан монголын ноёдуудад нэмсэн тэмдэглэсэн зэрэг цол, тайжийн зэрэг олгож байх журмыг Манж Чин улсын хааны 1856 оны зарлигаар тогтоожээ.Энэ зарлигт “…Гадаад, Дотоод Монголын олон засаг ван, бэйл, бэйс, гүн, тайж нараас цэргийн хэрэглэлд морь, тэмээ туслан баривал түүний их бага, олон цөөний хэмжээнд тохируулан “нэмсэн”, “тэмдэглэсэн” зэргээр шагнаж, тайжийн зэргийг нь нэмэгдүүлэхээр заагаад, Монголын хан, ван, бэйл, бэйс, гүнгүүд 100-аас 2000 лан мөнгө юм уу, 25-аас 500 хүртэл морь, тэмээ тусалж баривал нэг тэмдэглэсэн зэргээс 15 нэмсэн зэрэг олгох, засагт тэргүүн зэрэг тайж, сул тайж нар 50-100 лан мөнгө юмуу, 8-160 хүртэл морь, тэмээ тусалж баривал нэг тэмдэглэсэн зэргээс 5 нэмсэн зэрэг олгох, үүнээс дээш хэмжээний мөнгө, морь, тэмээ тусалж баривал гүнгийн зэрэг олгож, уул тайжийн зэргийн нь нэмэгдүүлэхээр заан тогтоожээ.Манжийн хааны төрсөн охинтой /гүнж/ суусан хүнийг эфү, заримдаа улсын тавнан гэж нэрлэдэг. Манж нар монголыг өөртөө татах бодлого явуулахын зэрэгцээ зэр зэвсгийн хүчээр, хэргэм зэрэг, пүнлүү олгох, ураг барилдах замаар монгол аймгуудыг өөртөө татах бодлого эхэн үедээ явуулж байв. Энэ бодлогоо манж нар “Өмнөд газар ван үл өргөмжлөх, ар газар ураг үл тасрах” хэмээн томъёолж байжээ.
Манжийн хаад Халхын ноёдын дотроос ялангуяа Түшээт хан угсааны ноёдод өөрсдийн гүнж охидоо удаа дараа хатан болгон өгч, цэргийн холбоо байгуулж байсан юм. Тэдний үр хөвгүүдэд өндөр хэргэм, зэрэг цол олгож, Халхын аль нэг чухал тушаалд тавьж байжээ. Энэ нь улс төрийн алсын урхагт муу бодлоготой зүйл байсан ажээ.Засаг ноён нь:
1. Цэргийн хувьд харъяат хошууны цэргээ захирах боловч аймгийн цэргийн жанжин ерөнхийлөн эрхэлж байв.2. Засаг ноёд аливаа хэргээ чуулганы даргатай зөвшилцөж түүний зөвшөөрөлтэйгээр явуулах бөгөөд хошууны доторхи хэргийг ч дур зоргоор тэр бүр таслан шийтгэх эрх мэдэлгүй.3. Хошууны доторхи дэлхийн баялгийг олзворлох, ашиглах нь цээртэй, мөн газар хагалбарлах хориотой.
4. Хошууны албат ардаа дотор нь сум, хамжлага болгон сольж өөрчлөх буюу идэр эр, хамжлагын эрийг худалдах аваас бүтэн хагас жилийн пүнлүүнээс гурван жилийн пүнлүү хүртэл хасуулж шийтгүүлнэ.
5. Чин улсаас тогтоосон хуулиас ангид харъяат албат хамжлага нараас алба гувчуур хэтрүүлэн авах эрхгүй. Манжийн засаг захиргаа1. Хан уулын чуулганы дарга. Түшээт ханы 20-иод хошуудын хэрэг эрхэлнэ. Энэ чуулганы дарга Их хүрээний сайдын удирдлагаар ажиллана.
2. Халхын Умард замын цэрэг захирах туслагч жанжин. Түшээт ханы 20-иод хошуудын бүх цэрэг эрийг захирч, Улиастайн манж жанжны удирдлаганд ажиллана. Жанжин орлогч хэбэй тушаалтантай.
3. Хэрлэний Барс хотын чуулганы дарга. Сэцэн ханы 20-иод хошуудыг ерөнхийлөн захирсан амгийн дарга, дэд дарга ажиллана. Их хүрээний сайдын удирдлаганд ажиллана.
4. Халхын өмнөх цэрэг захирах туслагч жанжин. Сэцэн ханы 20-иод хошуудын цэргийн хэрэг мэдэж, Улиастайн жанжинд харъяалагдана.
5. Заг голын Биндэръяа нуурын чуулганы дарга. Засагт хан аймгийн 20-иод хошуудыг ерөнхийлөн захирна, дэд даргатай. Улиастайн жанжны удирдлаганд ажиллана.
6. Халхын баруун замын цэрэг захирах туслагч жанжин. Засагт ханы 20-иод хошууны цэргийн хэрэг эрхэлж, Улиастайн жанжинд захирагдана.
7. Цэцэрлэгийн чуулганы дарга. Сайн ноён ханы 20-иод хошууны хэрэг ерөнхийлөн захирч, Улиастайн жанжны удирдлаганд ажиллана, дэд даргатай.
8. Халхын думдат замын цэрэг захирах туслагч жанжин.
9. Да-гийн жасаа. Нэгэн аймгийг толгойлон захирсан чуулганы жинхэнэ ба дэд дарга нарын эрхлэх албан ажил гүйцэтгэн явуулах тусгай албан газар.
10. Жанжны жасаа - Чуулганы бүх цэргийн хэрэг эрхэлсэн жанжин, Хэбэй нэрийн эрхлэх албаны хэрэг гүйцэтгэж явуулах тусгай албан газар.
Орон нутаг дахь Манжийн захиргааны зардалМонголыг газар дээр нь харж, хянаж байхын тулд жанжин амбан сайд суулгадаг байсан хийгээд түүний зардлыг тухайн орон нутаг гаргадаг байв. Зөвхөн Улиастайд л гэхэд Халх дөрвөн аймгаас 170 эр сууж нэг захирагч захирна. Нэг цагдаа цэргийн жилийн зардал зуун лан мөнгө. Аймаг бүрийн чуулганы дэргэд 4-6 түшмэл, бичээч зарлага гурван сараар ээлжлэн сууж чуулган даргын шийдвэрийг холбогдох газарт хүргэж гүйцэтгэлд хяналт тавьдаг байв. Тэр үед Халхын нэг аймгийн чуулганы нэг жилийн зардал дунджаар 2600 лан мөнгө зарцуулж байжээ. Аймаг, хошуу бүрт тамгын газар ажиллаж байжээ. Хошууны түшмэдүүдээс гадна 4-6 бичээч хоёроос доошгүй зарлага ажиллаж, нэг хошууны нэг жилийн дундаж зардал 4000 ланд хүрч байжээ. Тэр үед Монголд 250 шахам хошуу байжээ. Нийт зардал нь дунджаар нэг сая гаруй лан мөнгө байв. Орон нутгийн ноёдын алба Монгол ван, гүн, тайж нар жил бүр өөрийн харъяат нарын таван үхрээс дээш бүхийгээс нэг хонь, хорин хониос нэг хонь ав, хоёр үхэр бүхийгээс зургаан тогоо аму ав, нэг үхэр бүхийгээс гурван тогоо аму ав, алба барих чуулган чуулах, хүрээ нүүх, охин өгөх, бэр авах зэргийн хэрэг болбоос арван гэрийн дотроос нэг морь ав, үхэр тэрэг нэгийг ав. З үнээнээс дээш бүхийд нэг ходоод сүү ав, зуун хониноос дээш бүхийд нь нэмж хэсэг эсгий ав гэжээ.Бие зарцлагдах (мал маллах, ажиллах) алба байсан юм. Хошууны засаг ноёдын өөр өөрийн байдлаас алба их бага янз бүр байжээ. Жишээлбэл: Сайн ноён ханы Сайн ноёны хошууны ноён жилд шүүсний хонь 120, хүнсэнд хэрэглэхээр шүдлэн хонь 500, залуу гүү 60, ат 10, эсгий 72 ширхэг, хурганы арьс 500, банз 1000 ширхэг, Сонгино 1000 жин, өвс 10.000 жин, шар тос 100 жин, сүү 3000 жин, 70 тэмээн тариа харъяат ардуудаас татварлан авч байжээ.Манж Чин улс 1691 онд Долнуурын чуулганаар Халх Монголыг өөрийн эрхшээлд оруулж, Энх-Амгалан хаан халхын 35 ноёнд цол хэргэм шагнан, 34-ыг нь хошууны засаг ноён болгоод, Халхын хангуудаас гадна хошуу ноёдод хошой чин ван 3, төрийн жүн ван 6, төрийн бэйл 3, хошууны бэйс 4, засаг 1, түшээ гүн 1, туслагч гүн 6, тэргүүн зэрэг тайж 6-г шагнажээ.
Ийнхүү Манжууд Монгол ноёдын уламжлалт цол хэргэмийг өөрчилж, манжийн хэргэм зэргийг жинээр тогтоосноор монгол ноёдыг өөртөө татах, дагаар орогсдыг дэмжих, төрдөө үнэнч зүтгэгсдийг хөхүүлэн шагнахаас гадна тэднийг хооронд нь тэмцэлдүүлэх зэргээр эзэнт гүрний эрх ашигт нийцүүлсэн бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болов.
Хэргэм, зэрэг хоёр ялгаатай бөгөөд хэргэм нь тодорхойлогч, зэрэг нь дагалдах шинжтэй. Хэргэмийг манжийн хаанаас дагаар орсон юмуу, байлдаанд гавьяа байгуулсны төлөө олгодог төрийн онцгой хишиг, тодруулж хэлбэл төр талаасаа шууд хамааралтай.
Зэрэг нь ноёд талаасаа үйлчлэлтэй. Манжийн төрийн хэрэгцээнд атан тэмээ, агт морь, амбан шар, цалин мөнгө хандивлагчдад нэмсэн ба тэмдэглэсэн зэрэг олгож байх журмыг Манж Чин улсын хааны 1856 оны зарлигаар тогтоожээ.
Манжийн хаан ван, бэйл, бэйс, гүн хэмээх “хэтэрхий дөрөв” буюу ”хэтийдсэн дөрвөн” хэргэмтнийг буй болгож, тэдгээрийн зэрэг зэв, цалин пүнлүү, цол, шагнал, ямба ёслол зэргийг тогтоон баталгаажуулжээ. Манжийн гавьяа шагнал болон зэрэг дэв ахиулахад хэрэглэдэг нэгэн зүйл соёрхол нь нэмсэн зэрэг юм. Дөрвөн тэмдэглэсэн зэрэг нь нэг нэмсэн зэрэгтэй тэнцнэ.Нэмсэн зэрэг олон болвол хэргэм дэвшүүлдэг байв. Хэргэм зэргийг олгож, эвдэж, сэргээж (хэргэм тахиулах) болдгоос гадна нэгэн үеэр ба үе улиран залгамжлах хэлбэрээр хүртээдэг байжээ.
Их гүрэн задрав
1206 онд уудам тал хээрийн нүүдэлчид нэгдэн нийлсэнээс хойш бараг хагас зуун хүрэхтэй үгүйтэй богино хугацаанд өмнө зүг Ява, Суматрын шүрэн арлуудаас умард зүгт Хар далайн чинад хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол морины туурай тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан монголын их эзэнт гүрэн байгуулагдсан юм. Хэрэв энэ эрчим хэвээр үргэлжилсэнсэн бол чухам юу болохыг зөвхөн хөх тэнгэр л мэдэх билээ.
Гэвч цаашид энэ их улс хэвээр оршин тогтнох бололцоогүй болж, түүнийг бүрэлдүүлж байсан Хант улсууд дотоод агуулга хийгээд үзэгдэх хэлбэрийн хувьд ч харилцан адилгүй цоо шинэ бие цогц болон салан тусгаарлаж эхэлсэн байна. “....Газар бүр байгуулсан монголчуудын төр хөгжиж өсөөд бойжилт хөгжлийн ийм шатант хүрчээ. Энэ нь зүйрлэвээс дан эсүүд хөгжиж өсөөд хэд хэдэн шинэ цогц бие болон тусгаар амьдралыг эрхэмлэн ийш тийш өөрийн эрхгүй тэмүүлэхийн адил...” хэмээн энэ үйл явдлын тухай Л.Гумилев урнаар тодорхойлон өгүүлжээ. Үнэхээр ч эдгээр хант улсууд нь гуч дөчин жилийн өмнөхтэй адилаар хүчээр нэгэн тугын дор нэгтгэхэд нэн бэрхтэйгээр чанарын цоо шинэ агуулгаар баяжжээ. Учир нь монголчуудын нэгтгэсэн улс түмнүүд даан ч олон янз байв. Эртний соёлтой Перс, Армян, Гүрж нар, Уйгурууд хийгээд ой ширэнгийн зэрлэгүүд, хэзээ ч биесээ үзэж чаддаггүй байсан Хятад, лалынхан хийгээд европын загалмайтнууд, Күнз хийгээд бурхны суртлыг дагагсад, үндэс нэгтнүүддээ гадуурхагдсан шийт, несторионууд. Гал ус мэт харш олон үндэстэн, сурталтнууд гагцхүү “Монголын энх төрийн бодлого”, “Төрийн алтан аргамж”-ийн ачаар нэгэн захиргаан дор эв найртайгаар бүтэн жарны туршид оршив. Гэвч тэдний өвөрмөц чанар нь уулаасаа харилцан эсэргүүцэлдэх учир хялбархан ижилссэнгүй. Ийнхүү мориноос бууж энэ их улсыг түвшитгэн бүтээн байгуулах цаг ирэхэд л тус бүрдээ өөр өөрийн өвөрмөц байдлаа харуулж эхэлжээ.
Өгөөдэй хааны үед хан хөвүүдийн эзэмшил улсууд нь төвдөө захирагдсан өөртөө засах хязгаар мужийн байдалтай оршиж байснаа аажмаар эдгээр улсуудын хэлхээ холбоо суларч бие даасан хандлага нэмэгдсэн нь хаадын завсар чөлөөгөөр гарч ирсэн хатадын төр барих үед эрс тодорхой болжээ. Мөнх хааны үед энэ задралын явц хэсэг зуур саатан, нэгэн захиргаанд бүгдийг хураан хумисан боловч түүнийг нас барсны дараахи Хубилайн жилүүдэд Алтан орны улс, Ил хаант улс, их Юан улс хэмээн өөр хоорондоо нягт харилцаа холбоотой ч тус тусдаа бие даасан хаант улсууд болон бүрэн тусгаарлан салсан төдийгүй монгол угсаатны хүч нөөцийг шавхсан цуст иргэний дайн, тэмцэл он удаанаар үргэлжилжээ.
Хөгжил гэдэг чанар. Чанарын агуулга нь гүнзгийрсээр хувьсал эргэлтэд хүргэдэг. Цөөн хэдэн жилийн дотор шашин шүтлэг хийгээд ахуйн нөхцөл, уугуул ард түмний уламжлалаараа яагаад ч Алтан ордны хийгээд Ил хаант улс, эсхүл дундад Ази дахь хант улсууд өөр хоорондоо харилцан адилгүй болсон байв. Хятад дахь Их Юан улс тэднээсээ бүр ч эрс тэс ялгамжтай болж иржээ. “Иймэрхүү хувирлын явцад Монголын хаант улсад энд тэндгүй хүйс төв газрууд гарч ирсэн байна”.
1258 онд Мөнх хаан нас барж, түүний ор суурийг Хубилай, Аригбөх хоёр дүү нь булаалдан, дөрвөн жилийн турш сунжирсан иргэний дайн монголын тал нутгыг хээрийн түймэр мэт хуйхлав. Энэ дайн нь Монголын Эзэнд гүрний бүрэлдхүүнд байсан хант улсуудыг үндсэн хоёр бүлэглэлд хуваан, талцууллаа.
1265 онд Хөлөг хаан нас барж тэр онд хүү Абага нь Ил хаант улсын хоёрдугаар хаан болов. Абагаг хаан ширээнд залах үед тэрээр “Хубилай хаан, бидний ах, түүний зөвшөөрөлгүйгээр яаж хаан ширээнд сууж болох вэ?” хэмээн цааргалж байжээ. Энэ үед Абагагийн эцэг Хөлөгийн хууль ёсны их хаан хэмээн хүлээн зөвшөөрч, дэмжиж байсан Аригбөх гэрийн хорионд амьд сэрүүн байв. Хант улсын тэргүүнийг Их хааны соёрхолоор баталж байсан уламжлал энэ удаад юутай ч гэсэн мартагдаагүй байжээ. Абага Ил хаант улсын хаанаар өргөмжлөгдсөний найр хурим хийснийхээ дараа энэ тухай мэдээ сэлтийг Хятад руу илгээгээд хариу ирэхийг хүлээн нэлээн удсан байна. Гэтэл таван жилийн дараа 1270 оны сүүлчээр Хятадаас Хубилайгаас Абагаг хаанд өргөмжилсөн зарлиг, титэм болон түүнийг дагалдан бэлэг сэлт, элчин төлөөлөгчид ирэв. Үүний дараа Абага хаан ширээнд суух ёслолоо албан ёсоор дахин тэмдэглэсэн ажээ.
Гэвч энэ нь зөвхөн Хятад орныг эзэмшиж байсан Хубилайг Их гүрний хаан хэмээн үзэж түүний адислал зөвшөөрөлгүйгээр хаан ширээнд суух боломжгүй байжээ гэсэн үг биш юм. Абагагийн хувьд тийнхүү хоёрдахь удаагаа найр хурим хийсэн нь нэр сүрийг өргөхөд л хэрэгтэй байснаас биш Хубилай зөвшөөрөөгүй ч тэр хаан хэвээр байсан. Хубилай таван жилийн турш хэл чимээгүй байсан нь дургүй байсны илрэл юм. Хөлөг хааны хоёрдугаар хүү Жүмхүүр нь хэдхэн жилийн өмнө өөрийн удирдсан анги цэргийн хамт Аригбөхийг дэмжин тулалдаж, өөрийг нь бараг хөнтөрчих шахсаныг Хубилай юунд мартав гэж... Тухайн цаг үед морин өртөө өндөр хөгжсөн, өнөөгийн машин тэрэгнээс огтхон ч дутахааргүй хурдтай байсан нь Багдад орчмоос Бээжин ороход хэдэн жилээр явах биш хэдхэн долоо хоног л гарздах байжээ. Хубилайн цааргалсан таван жилд Перс болон Дундад Ази дахь Абага хааны нэр нөлөө, байр суурь үлэмж өсөж, хэн ч түүнийг албан ёсны хаан хэмээн хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрсэн байсан юм. Энэ нь Хубилайн хувьд аргагүй тулгалт, нааш харан инээж, цааш харан уйлсан хэрэг байлаа.
1266 онд буюу Аригбөхийг нас бардаг жил Цагаадайн улсын хаан ширээнд Алгуйн дараа хаан суугаад байсан Мубарекшахыг унаган үймээнч, тогтворгүй ааштай Борог Хубилайн шууд дэмжлэгтэйгээр гарч ирэв. Мөн энэ онд Зүчийн Алтан ордны улсын хаан ширээнд Мөнхтөмөр залрав. Энэ үед гуч орчим настай байсан Хайду Дундад Ази дахь Өгөөдэй өвгийн хуучин эзэмшил нутагт нэр нөлөөгөө улам бататгаж байв.
Их гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан хант улсууд аажим аажмаар хүчирхэгжин, эдийн засаг, цэрэг зэвсгийн хувьд бүрэн бие даасан байдал руу шилжиж, өөрийн хязгаар улсын сүр хүчнээ үнэлэх хэмжүүр өөрчлөгдөж байсан үед ойр ойрхон гарч ирсэн эдгээр залуу хаадын хооронд монгол ахан дүүсийн цусыг урсгасан их дайн дэгдэж, урьдын байлдан дагуулалтын үед ч гарч байгаагүй их цэргийг биесийн өөдөөс хөдөлгөн хядалцаж эхэлсэн билээ.
Бүр 1260 онд Тулуйн хүү Хөлөг, Зүчийн ач Бэрх нарын хооронд Кавказын хаалга Дербентийн орчимд их тулалдаан болов. Энэ нь Ил хаант улс болон Алтан ордны улсын хоорондхи 200 жил үргэлжилсэн эвдрэл хямралын үүдийг нэг мөсөн нээж хаясан юм. Түүний дараа Дундад Азийн тал нутагт Цагаадайн угсааны хаан Борог, Өгөөдэйн угсааны хаан Хайду нар хоорондоо цус асгаруулан дайтаж, улмаар энэ дайнд Хөлөгийн хийгээд Зүчийн үр сад ч татагдан оролцож гурвалжин, дөрвөлжин дайн дажин болон өрнөсөн юм.
1266 оноос Өгөөдэйн удмын Хайду хаан 40 орчим жилийн туршид Хубилайтай эрс хатуу тэмцэл хийсэн юм. Хайду нь богино хугацаанд хүчирхэгжиж Ил, Тарвагатайгээр төвлөсөн хүчирхэг улсыг байгуулсан юм. Монгол улсын эрх ашгийг эрхэмлэсэн олон монгол ноёд Хубилайн эсрэг тэмцэлд Хайдутай очиж нийлжээ. Тухайлбал Аригбөхийн хүү Юбугур, Меликтөмөр, Борогийн хүү Дува болон Цагаадай, Гүюг, Мөнхийн удмын бусад хан хөвүүд Хайдуг дэмжин Хубилайтай хийсэн иргэний дайнд оролцсон байна. Мөн монголын цэргийн нэрт жанжин Наян ч дэмжиж билээ.
Омог төгөлдөр Хайду болон бусад олон ноёд Хубилайг хууль бус хаан хэмээн үзэж түүний зарлиг шийдвэрийг огтхон ч хүндэтгэж үзэхгүй байсан нь Хубилайн зүгээс энэхүү иргэний дайныг зогсоох, ах дүүсийн маргаан мэтгэлцээнийг эв зүйгээр зохицуулах талаар аливаа санаачилга гаргах, гаргасан ч хэрэгжих бололцоог үгүйсгэж байжээ.
Хэдийгээр Хайдугийн тэмцэл нь нэг талаас харахад хаан ширээг Тулуйн удмынхнаас Өгөөдэйн удмынханд эгүүлэн авах гэсэн тэмцэл байсан ч нөгөө талаар монгол улсын хүйс төвийг хэвээр хадгалах гэсэн Аригбөхийн тэмцлийн залгамж байсан юм.
Ийнхүү Чингис хааныг төрж байхад бий болоод байсан
“Одтой тэнгэр орчиж
Олон улс хямралдаж
Орондоо унтах завгүй
Олзлолдон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байв” хэмээн “Монголын нууц товчоо”-нд яруу ончтойгоор дүрслэн өгүүлсэн байдалтай нэн адил нөхцөл байдал 1260-аад онд Монголын эзэнт гүрэн даяар байжээ.
Ийнхүү Ази, Европыг нэгтгэсэн Монголын их гүрэн нэгэн бүтэн жаран оршин тогтноод дотоодын ужид самуунд идэгдсээр задран уналаа. Гэвч “могой тасравч гүрвэлийн чинээ”. Их гүрэн задарсан ч өөр хоорондоо эн тэнцүүхэн, өөр ямар ч улс оронтой харьцуулашгүй хүчирхэг хэд хэдэн улс гүрэнд хуваагдсан юм. Үүнд:
- Их Юан улс. Энэ цаг үеийг хүртэл тархай бутархай байсан хятадыг анх удаа нэгтгэсэн төдийгүй Төвд, Тангуд, Манжуур, Солонгосын хойг, Вьетнамын хойг, Филиппин, Малайзи, Ява, Суматри зэрэг Зүүн өмнөд Азийг бүхэлд нь нэгтгэсэн энэ хүчирхэг гүрэн 1380 оныг хүртэл 130 орчим жил оршин тогтнож, Азийн улс түмнүүдийн түүхнээ арилж балрашгүй ул мөрөө үлдээсэн юм.
- Алтан ордны улс. Хар далай, Каспийн тэнгисийн хоорондхи нутаг, Ижил мөрний сав, Арал тэнгисээс умардад, Уралын нуруунаас баруун зүгт буй өнөөгийн Казакстаны уудам тал нутгийг төдийгүй цэнхэр Дунайгаас янагших Дорнод Европыг бүхэлд нь эрхшээн байсан эл хүчирхэг гүрэн 200 орчим жил оршин тогтнож, Орос хийгээд Европ дахинд сүр хүчээ үзүүлсээр байлаа. Энэ улсаас салбарласан Крым, Казанийн хаант улс XYIII зууныг хүртэл оршин тогтнож, Орос болон дорнод Европыг Туркийн түрэмгийллээс халхалж байв.
- Ил хаадын улс. Кавказын өмнөд дэх улс орнууд Килики, Мосул болон Хоёр мөрний хөндий, Туран, Хорасаны уудам нутаг, өнөөгийн Туркийн өмнөд хэсэг, Ирак, Иран, Афганистан, Туркмений нутгийн хамарсан уудам газар нутагтэй хүчирхэг эл улс 150 орчим жил оршин тогтножээ.
- Цагаадайн улс. Дорнод Туркестан, Казакстаны зүүн өмнөд тал, Хорезм, Балхийг бүхэлд нь хамарсан эл хант улс 1346 он хүртэл оршин тогтноод задрахдаа Төмөрийн болон Их Могул хэмээх Дундад Ази болон Энэтхэгийн түүхнээ тод ялгарах хоёр улс болон хуваагджээ.
Дэлхий ертөнцөд урьд хойчид оршин байсан их гүрнүүдийн мөхлийн түүхтэй Монголын эзэнт гүрнийх адилгүй. Ромын их гүрний мөхөл нь ёс суртхууны ялзрал, өөрөөр хэлбэл эд эсүүдийн үхжилээс болсон байхад Түрэг мэт бусад их улсууд гаднын халдлагыг тэсвэрлэж чадаагүй юм. Их Юан гүрнийг хятадын ард түмний тусгаар тогтнолд тэмүүлсэн эсэргүүцэл тэмцэл л хөнтөрч орхисон билээ.
Өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрний задрал нь Мамлюкуудын ч юм уу, Загалмайтнуудын зэрэг гадны ямар нэгэн түрэмгийлэлд өртөж, түүний дарамтыг дааж ядсандаа сүйрэн унасан хэрэг биш, өөрийн харьяанд орсон Ази, Европын олон арван улс үндэстнүүдийн эсэргүүцэл тэмцэлд сөгдөн нугарсан хэрэг ч биш, харин хуримтлагдсан их ааг хүчний илүүдэл болсон өөр хоорондын тэмцэл зөрчил, хүчирхэгжсэн хан хөвүүд, түүний удмынханы бие даан тусгаарлах эрмэлзэл, эдгээрийн үндэс болсон өөр өөрсдийн тусгаар ангид өвөрмөц онцлог чанартай холбоотой юм. Мэдээлэл, харилцаа холбоо хөгжөөгүй дундад зууны эхэнд бүү хэл өнөөдрийн шинжлэх ухаан техникийн их хувьслын эринд ч ийм их гүрэн оршин тогтноход нэн бэрх юм. Ийнхүү их гүрний газар бүр харилцан ялгамжтай хөгжлийн хүйс төв газрууд гарч ирсэнтэй холбоотой энэхүү задрал нь зайлшгүй зүйл байсан хийгээд зөвхөн цаг хугацааны асуудал л үлдээд байжээ